BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Thursday, June 3, 2010

Хүргэн бэрийн андгай

Бэрийн андгай: Хоёр хагасыг нийлүүлж нэг бүтэн болгож байгаа энэ өдөр эхнэр би: зээлийн картаа хоосруулж чамайг өрөнд оруулахгүй гэдгээ, байн байн уйлан төрхөмдөө харихгүйгээ, үнэтэй бэлэг авахгүй гэдгээ, үргэлж гомдоллохгүйгээ, өдөр бүр чамд аятайхан хоол хийж өгч байхаа, чамайг ойлгохыг хичээхээ, насан туршдаа чамайгаа хайрлахаа андгайлж байна.
Хүргэний андгай: Хоёр хагасыг нийлүүлж нэг бүтэн болгож байгаа энэ өдөр нөхөр би: хөл бөмбөг, тэмцээнүүдийг чамайг залхтал үзэхгүйгээ, зурагтын удирдлагыг хааяа нэг чамд өгч байхаа, ажил их байсан нэрийдлээр найзуудтайгаа зугаацахгүйгээ, хадам ээж зочилж ирэхэд тавгүйцэхгүйгээ, тэмдэглэлт өдрүүдийг хэзээ ч мартахгүйгээ, хааяа нэг санаачлагаараа чамдаа аятайхан бэлэг авч байхыгаа, чамайг үргэлж хайрлаж хамгаалж халамжилж байхаа андгайлж байна.

Шинэ ертөнц сэтгүүл-ээс

Диваажинд төрөх амаргүй

Нэгэн ядуу хөдөөний хүн хорвоог орхижээ. Нүдээ нээгээд хартал диваажингийн үүдэнд зогсож байлаа. Урд талд нь нэг баян залуу зогсож байв. Тэгтэл нэг тэнгэр элч ирээд диваажингийн хаалгыг алтан түлхүүрээр онгойлголоо. Эхлээд нөгөө баян залуу дотогш орлоо. Харин тэгэхэд диваажингийхан баяр хөөр болж байгаа сонсогдон хөгжим дуугаран бөөн дуу хуураар угтаж байлаа. Тэгэж байтал хаалга дахин онгойн дотор чимээгүй болсон байхад хөдөөний хүн дотогшоо орлоо. Нэг тэнгэр элч угтаж аваад: "Тавтай морил хөдөөний анд минь" гэж л хэлэв.
Тэгэхэд "нөгөө бөөн дуу чимээ хаачсан бэ? яагаад бүжиг бүжиглэхгүй байгаа юм бэ?" гэж хөдөөний хүн их л чанга дуугаар асуув.
"Та нар баян хүнийг орохоор дуу дуулж, бүжиг бүжиглэж угтсан. Би ядуу хүн л дээ, гэхдээ миний ядуу амьдрал дэлхийд үлдчихээ биз дээ? Диваажингийн бүгд адилхан биш билүү?" гэхэд, "Тиймээ бүгд адилхан. Баян ядуу бүгд адилхан. Гэхдээ анд минь юу гээч, өдөр бүр хэдэн зуун ядуу хүн диваажинд ирдэг, харин баян хүн зуун жилд ганц ирдэг юм. Учир нь мөнгө бол маш том шалгуур юм" гэж тэнгэр элч хариулав.

Уучлах гэдэг ямар сайхан гээч...

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа настай нэгэн эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.
Нэгэн бямба гарагт би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг нь онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугатацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү нь харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар боллоо. Нэг цаасан дээр “Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна.” гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ.
Сонингоо өгөөд эргэтэл тэр, “Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм.” гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: “Хүү минь, би чамаар бахархаж байна.” гэж бичсэн байлаа.

Цуурай

Найм ес орчим настай нэг хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унахдаа өвдсөндөө болон “ёо ёо!” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогджээ. Хүү, хэн нэгэн бас “ёо ёо!” гэж орилохыг сонсов. Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:
“Чи хэн бэ?” гэж хашхирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
“Чи хэн бэ?”
Харин хүү бухимдан:
“Хулчгар!” гэв.
Хариу бас л ижилхэн:
“Хулчгар!” гэж ирэв.
Хүү аавдаа:
“Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ! Би ойлгохгүй байна.” гэв.
Аав нь:
“Миний хүү сонсож бай! гээд,
“Бүх юм сайхан!” гэж хашхирав.
Уулнаас ирэх дуу эргээд:
“Бүх юм сайхан!” гэв.
Аав:
“Би чамд хайртай!”
Уулнаас ирэх дуу:
“Би чамд хайртай!”
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.
Үүнийг харсан аав нь: “Энэ дууг “цуурай” гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өөрөө өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал бол, чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг.”